| | | |
Мэдээ

“МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2024-04-25 130

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 95 дугаар тогтоолоор баталсан Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд “Үндэсний онцлог бүхий соёлын инновац, бүтээлч үйлдвэрлэлийг  дэмжин хөгжүүлэх” - ээр тусгагдсан. Соёлын яамнаас уг тогтоолын хэрэгжилтийг хангах чиг үүргийн хүрээнд “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээнд тогтмол оролцож ирсэн бөгөөд энэ жил “Соёлын бүтээлч үйлдвэрлэл 2024” онол практикийн хурал,  “Нийгмийн инновац ба удирдахуйн шинэлэг хандлага” сургалтыг тус тус зохион байгуулж, “Инновацийн түншлэл үзэсгэлэн арга хэмжээнд - Виртуал үзмэр” - ийг олон нийтэд сурталчлан ажиллаж байна.

Энэ жилийн тухайд “Монголын инновацийн 7 хоног” өдөрлөгөөр төр, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарынхан хамтын ажиллагааны зорилт, шийдэл, боломжуудын талаар хэлэлцэж, аж ахуй нэгж байгууллагууд төр, эрдэм шинжилгээ, үйлдвэрийн хамтын ажиллагааны сайн туршлагуудаа хуваалцдаг уламжлалтай.


Энэ жилийн “Монголын инновацийн 7 хоног” өдөрлөг Улаанбаатар хот, Орхон аймагт 2024 оны 4 дүгээр сарын 22 - 27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.


 “НИЙГМИЙН ИННОВАЦ БА УДИРДАХУЙН ШИНЭЛЭГ ХАНДЛАГА” УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ

Соёлын яамнаас Орхон аймгийн Соёл урлагийн газар болон Соёл урлагийн их сургуультай хамтран “Нийгмийн инновац ба удирдахуйн шинэлэг хандлага”  сургалт, арга хэмжээг  2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Эрдэнэт хотноо "Үр дүнд суурилсан соёлын бодлого, төлөвлөлт, гүйцэтгэл” ,“Соёл, урлагийн байгууллагын стратеги ба инновац”, “Соёл, урлагийн байгууллагын үйлчилгээний менежмент”, “Соёл урлагийн байгууллагуудын төсвийн төлөвлөлт” зэрэг агуулгын хүрээнд зохион байгуулах юм.

Соёл, урлагийн байгууллагуудыг нийгмийн инновацад суурилсан менежментийн загвараар хөгжүүлэх удирдахуйн шинэлэг хандлагыг төлөвшүүлэх, үйлчилгээний чанар, тэгш хүртээмжийг бүрдүүлэх арга зүй, сайн туршлагаас суралцах зорилгоор зохион байгуулах уг сургалтад Орхон аймгийн соёл урлагийн байгууллагын дарга, захиргааны албан хаагчид оролцоно.

“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ – 2024” ОНОЛ, ПРАКТИКИЙН ХУРАЛ

Орон нутгийн нөөц, эдийн засгийн чадавхад тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, соёлын бизнес, зохистой хөдөлмөр эрхлэлтийг инновацийн түншлэлээр дэмжихэд түлхэц болох зорилгоор зохион байгуулагдах онол, практикийн бага хурал 4 дүгээр сарын 27-ны өдөр 11.00 цагт Орхон аймгийн  ЗДТГ - ын А.Амарын танхимд зохион байгуулагдана.

Тус хуралд “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал ба бүтээлч үйлдвэрлэл”, “Бүс нутгийн хөгжил, соёлын үйлдвэрлэлийн бүсчлэл”, “Бүтээлч хот ба соёлын орон зайн төлөвлөлт”, “Инновац, энтрепренершип ба Шинжлэх ухааны парк, “Соёлын бизнес эрхлэлт ба оюуны өмч” зэрэг сэдэв агуулгын хүрээнд судлаачид илтгэл танилцуулга хийж, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

 ИННОВАЦИЙН ТҮНШЛЭЛ ҮЗЭСГЭЛЭН ВИРТУАЛ ҮЗМЭР

“Монголын инновацийн 7 хоног” өдөрлөг нь техник технологийн хөгжил, үйлдвэрлэлийн дэвшил, шинжлэх ухааны нээлт, шинэлэг өөрчлөлтүүд, шилдэг шийдлүүдийг танилцуулдаг.

Энэ удаад соёлын салбарт сүүлийн жилүүдэд хийгдэж буй үндэсний агуулгатай виртуал үзмэрүүдийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 4 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд “Хөгжлийн төлөөх инновацийн түншлэл – 2024” үндэсний форумын үеэр зохион байгуулагдах  “Инновацийн түншлэл үзэсгэлэн”  - д дараах виртуал үзмэрийг олон нийтэд танилцуулна. Үүнд:

·       Монголын нууц товчооны газар усны аялал;

·       Монгол орны рашаан, хүрхрээ;

·       Хархорум хот;

·       Хархорум хотын хааны ордон;

·       Монгол орны гол мөрөн;

·       Монголын сүм хийд;

·       Өндөр Гэгээний хосгүй үнэт бүтээлүүд;

·       Монгол орны хөшөө, чулуун дурсгал

·       Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд;

·       Цогт тайжийн өв соёл;

·       Бурхан халдун виртуал аялал;

Бусадтай хуваалцах