| | | |

Зөвлөмж

                 Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт оршин суух Монгол Улсын иргэн “Б”-д түүний найз “У” үлэг гүрвэлийн толгойн яс буюу олдворыг 2009 онд дурсгал болгон бэлэглэжээ. “Б” уг олдворыг сум, дүүргийн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлж, хүлээлгэн өгөөгүй, гэртээ хадгалсан байна.

            Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т зааснаар “Олдворыг илрүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор тухайн сум, дүүргийн бүртгэл, мэдээллийн санд заавал бүртгүүлэх” үүрэгтэй.

            Гэтэл иргэн “Б”, “У” нар нь үлэг гүрвэлийн толгойн яс буюу олдворыг сум, дүүргийн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлж, хүлээлгэн өгөх талаар мэдлэггүйн улмаас зөрчил үйлдсэн болох нь шалгалтаар тогтоогдсон. 

            Иймд иргэн “Б”-ийн дээрх олдворыг бүртгүүлж, хүлээлгэн өгөөгүй үйлдэлд Соёлын хяналтын улсын ахлах байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Тирвазовр батаар үлэг гүрвэлийн толгойн ясыг Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнд хүлээлгэн өгч шийдвэрлэсэн.

            Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу аливаа олдвор нь төрийн өмч бөгөөд олдворыг олсон этгээд хуульд заасан хугацаанд сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдэх, бүртгүүлэх, хүлээлгэж өгөх үүрэгтэй байдаг.

            Энэхүү мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь заалт, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмыг баримтлан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, Соёлын өвийг хамгаалах хууль тогтоомжийн талаар олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор хүргэж байгаа болно.

 

Соёлын яамны Салбарын хяналтын газар

 

Бусадтай хуваалцах