| | | |

Соёлын хяналтын улсын байцаагчийн харьяалан шалгах зөрчил

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль

6.46.соёлын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9.5, 9.6 дугаар зүйл, 9.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалт, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дэх хэсэг, 9.12, 9.13, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

Зөрчлийн тухай хууль

6.18 дугаар зүйл.Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих

5.Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг худалдах журам зөрчсөн, эсхүл хуульд заасан эротик кино, дүрс бичлэг, жүжиг, бүжиг үзүүлэхэд хориглох зүйлийг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 

6.Эротикийн сурталчилгаанд хяналт тавих журам, эсхүл эротик тоглолт явуулах журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдсэн эд зүйлийг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.30 дугаар зүйл.Нийслэл Улаанбаатар хотод мөрдөх хууль‍, дүрэм, журам зөрчих

1.Нийслэл хотын дүрэм зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.5 дугаар зүйл.Номын сангийн тухай хууль зөрчих

1.Номын сангийн тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн, эсхүл номын заавал авах хувийг шилжүүлэх үүрэг бүхий этгээд зохих журмын дагуу номыг хүлээлгэн өгөөгүй бол зардлыг буруутай этгээдээр төлүүлж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.6 дугаар зүйл.Соёлын тухай хууль зөрчих

/Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Соёлын зориулалтаар ашиглаж байгаа төрийн болон орон нутгийн өмчийн барилга байгууламж, эзэмшил газрыг тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгт нь харшлах өөр зориулалтаар ашигласан, эсхүл эзэмшсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Музей, орон нутгийн номын сан болон орон нутаг судлах танхимын мэдээллийн үйлчилгээнд 16 хүртэлх насны хүүхдийг үнэ төлбөргүйгээр хамруулах журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгад эзлэх үндэсний болон хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, киноны эзлэх хувийг баримтлаагүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс нь зөвшөөрөл авалгүй, даатгалд даатгуулалгүйгээр соёлын гадаад үйл ажиллагаанд насанд хүрээгүй хүнийг оролцуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.7 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчих

 1.Хуульд заасны дагуу:

1.1.соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлээгүй, эсхүл уг сангийн нууцлал, хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдал, мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд, зөрүүгүй байх шаардлагыг хангаагүй;

1.2.соёлын өвийг хуульд заасан хугацаанд бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлээгүй;

1.3.соёлын өвийг зөөж тээвэрлэх журам зөрчсөн;

1.4.түүх, соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Соёлын өвийн судалгаа, шинжилгээ хийхдээ язгуур шинж, унаган төрх байдал, хүрээлэн байгаа орчны зохиомжийг эвдэж хуулиар тогтоосон журам, эсхүл стандартыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг худалдах анхны саналыг төрд тавихгүйгээр худалдсан, эсхүл гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлсэн, эсхүл зуучилсан бол уг дурсгалт зүйлийг хураан авч улсын орлого болгон хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Соёлын биет өвийг сэргээн засварлах хуулиар тогтоосон журам, эсхүл стандартыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Соёлын биет өвийг хадгалах, хамгаалах, ашиглах талаар хуулиар тогтоосон хориглолт, журам, стандартыг зөрчсөн, эсхүл анхны төрх, нэгдмэл цогц байдлыг алдагдуулсан, эсхүл зөвшөөрөлгүй хөдөлгөж, зөөж тээвэрлэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын дэргэд байрлуулсан танилцуулга, тайлбар, тэмдэг, тэмдэглэгээг эвдэж устгасан, эсхүл дурсгал дээр ханын самбар, зурагт хуудас, түүнтэй адилтгах бусад хэрэгслийг байрлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Соёлын өвийн, эсхүл түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын дэглэм зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Газрын хэвлийг эзэмших, ашиглах явцад илэрсэн соёлын биет өвийг хамгаалах, мэдээлэх арга хэмжээ аваагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Нийтийн өмчийн соёлын биет өвийг 1:1 масштабаар зөвшөөрөлгүй хувилан олшруулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийхдээ:

10.1.геологийн ховор илэрц, эрдэсжилтийн онцгой тогтоц, усны эх, рашаан, булаг, бүрд зэрэг байгалийн унаган тогтоц, эмзэг хэсгийг гэмтээсэн;

10.2.тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэсэн;

10.3.судалгааны үр дүнд хохирол учруулж болзошгүй техник, тоног төхөөрөмж ашигласан;

10.4.малтлага, судалгааны явцад үүссэн нүх, хонхор болон хүрээлэн байгаа орчны үзэмжийг эвдсэн элс, шороо, чулуун овоолго үлдээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий олдворыг хадгалах, хамгаалах, судлахдаа түүний анхны төрх байдал, хэлбэр, шинж чанарыг алдагдуулж гэмтээсэн, олдворыг стандартын шаардлага хангаагүй өрөө тасалгаа, орчинд хадгалсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.Соёлын биет өвийг сурталчлах, судалгаа, шинжилгээ хийх, сургалт явуулах зориулалтаар ашиглахдаа гэмтээсэн, эсхүл үрэгдүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

13.Соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын болон орчны бүсэд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлээгүй палеонтологи, археологийн олдвор, дурсгалаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үзэсгэлэн гаргасан, эсхүл музей байгуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураан авч улсын орлого болгож хүнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.12 дугаар зүйл.Музейн тухай хууль зөрчих

1.Музейн ерөнхий бүртгэл болон сан хөмрөгийн дэлгэрэнгүй бүртгэлийг музейгээс өөр газарт хадгалсан, музейн захирлын зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулсан, хэсэгчлэн болон бүтнээр нь хувилан олшруулсан, засварласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Гарал үүсэл нь тодорхойгүй соёлын үнэт зүйлийг музейн сан хөмрөгт авсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

 

9.13 дугаар зүйл.Кино урлагийг дэмжих тухай хууль зөрчих

1.Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх зорилгоор гадаадын иргэн, хуулийн этгээд зураг авалт хийх зөвшөөрөл авахгүйгээр зураг авалт хийсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2. 18 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөх ангиллын киног өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизээр өдрийн буюу 06.00-22.00 цагт нэвтрүүлсэн, эсхүл кино театр, үзвэрийн цэг, үзвэрийн танхимаар насанд хүрээгүй хүнд үзүүлсэн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.14.Аялал жуулчлалын тухай хууль зөрчих

/Энэ зүйлийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага нь үйлчилгээний стандарт, техникийн зохицуулалт, зэрэглэлд тавигдах шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.25 дугаар зүйл.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль зөрчих

 /Энэ зүйлийн гарчигт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын байгууллага нь тохирлын үнэлгээний үр дүнг зориуд буруу гаргасан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй обьектод сорилт, баталгаажуулалт, техникийн хяналт явуулах байгууллага нь хуульд заасан журмын дагуу нэг жилээс дээш хугацаагаар итгэмжлэгдээгүйгээр тохирлын үнэлгээний үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Итгэмжлэгдсэн байгууллага тохирлын үнэлгээг итгэмжлэлээр тогтоосон хүрээнд явуулах эрхээ хэтрүүлж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээ, мэдүүлгийг хуурамчаар гаргасан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах обьектод тогтоосон техникийн зохицуулалтыг мөрдөөгүй, эсхүл үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт шаардлагыг хангаагүй байгууллагын стандартыг баримтлан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эхэлснээс хойш гурван сарын дотор тохирлын баталгаанд хамруулаагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Хуульд заасныг зөрчиж:

7.1.үндэсний стандартыг худалдах зорилгоор хувилж олшруулсан;

7.2.үндэсний стандарт, эсхүл стандарт хэрэглэх журамд зааснаас өөр стандарт хэрэглэсэн;

/Энэ зүйлийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.3.стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнд стандартын товчилсон тэмдэглэгээ тавьсан;

7.4.бүтээгдэхүүний чанарын ангилал, зэргийг зориуд өсгөсөн, эсхүл улсын стандартын тэмдэглэгээ, тохирлын үнэлгээний үр дүнг хууль бусаар ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

10.27 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмшигч эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах

 1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

10.29 дүгээр зүйл.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчих

/Энэ зүйлийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Паркийн удирдлага нь хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Паркийн нэгж нь хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.2 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчих

 1.Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд:

1.1.хяналт шалгалтаас зайлсхийсэн;

1.2.дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд төрийн хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг:

2.1.гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан;

2.2.засварласан;

2.3.гэмтээсэн;

2.4.зайлсхийсэн;

2.5.устгасан;

2.6.хуурамч баримт бичиг гаргаж өгсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

15.2 дугаар зүйл.Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах

1.Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор:

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.1.тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан;

1.2.хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн;

1.3.хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Бусадтай хуваалцах