| | | |
Мэдээ

ТУРКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЗОХИЦУУЛАХ АГЕНТЛАГ “ТИКА”-ИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ДР.ҮМИТ НАЖИ ЁРУЛМАЗЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2022-04-25 1.0М

Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг буюу “ТИКА”-ийн Дэд ерөнхийлөгч Др.Үмит Нажи Ёрулмазыг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах, хот орчим, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, судалгаа эрдэм шинжилгээний баазыг бий болгох чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсээр ирсэнд Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн төлөөлөгчдөд талархал илэрхийллээ. 

Хамтын ажиллагааны хүрээнд Турк улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Мэргэн Тоньюкукийн цогцолбор дурсгалыг хадгалж хамгаалах, судалж сурталчлах ил музейн бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа юм. Соёлын яамнаас Мэргэн Тоньюкукийн музейн барилга угсралт, гадаад орчин болон музейн үзэсгэлэнгийн танхимын тохижилтын төслийн хэрэгжилтэд бүх талын дэмжлэг үзүүлэн, богино хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр ажиллаж байна. 

Мөн Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв нь соёлын биет өвийг оношлох, судлах, бэхжүүлэх, сэргээн засварлахад боловсон хүчнийг чадваржуулах, зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах эрэлт хэрэгцээ, шаардлагын хүрээнд “Монгол-Туркийн хамтарсан Чулуун дурсгалыг сэргээн засварлах лаборатори” байгуулах, хүний нөөцийг чадавхжуулах төслийг хамтран хэрэгжүүлж байна. 

Судалгааны лаборатори байгуулагдсанаар соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, бэхжүүлэлт, сэргээн засварлалтын технологийн хувьд бодитой ахиц гарч, суурь судалгаа хийх, судалгааны сургалт явуулж мэргэжилтэн бэлтгэх орчин бүрдэх юм. Мөн Монгол нутаг дахь үл хөдлөх чулуун дурсгал болоод органик болон органик бус соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны салбарт дутагдаж буй олон талын нарийвчилсан суурь судалгааны орон зайг нөхөж, хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны салбарт шинэ технологийн арга зүй нэвтэрч олон улсын жишигт нийцсэн судалгааны арга барилтай болоход дэмжлэг болно гэж үзэж байна. 

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдсан бөгөөд цаашид хоёр улсын залуучууд руу чиглэсэн хамтарсан төсөл, хөтөлбөрийг шинээр санаачлах тэр дундаа олон улсад үнэлэгдэж, амжилттай хэрэгжиж буй Туркийн кино урлагийн салбарын бүтээлүүдийн сайн туршлагад суурилан хамтарсан кино бүтээх асуудлаар санал солилцлоо.  

Дэд Ерөнхийлөгч Др.Үмит Нажи Ёрулмаз Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа байгуулснаас хойш бүхий л салбарт нийт 770 гаруй төслийг хамтран хэрэгжүүлсэн талаар дурдаж, Монгол-Туркийн харилцаа, хамтын ажиллагаанд соёл урлагийн салбар голлох байр суурь эзэлж байгаа гэсэн юм. 

Мөн агентлагийн шинээр байгуулагдсан Соёлын яам шуурхай ажиллаж олон ажлыг хамтран эхлүүлж, эхнээсээ биеллээ олж байгаа тул хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн чанар, цар хүрээг өргөжүүлэх чиглэлийг баримталж байгааг танилцуулав.

Бусадтай хуваалцах