| | | |
Мэдээ

ОЛОН УЛСЫН САНГИЙН ТАЛААР МЭДЛЭГ ОЙЛГОЛТ ОЛГОХ, ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

2024-04-10 190

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-д “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй улс болно. Монгол хүний оюуны бүтээлийг дэлхийн зах зээлд сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжлийн бодлогын суурийг тавьж, бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлнэ” гэж заасан.


Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалыг дэмжиж, эдийн засгийг олон тулгууртай болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хамгаалж, хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэгддэг.  Монгол Улс, тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-д  хувь нэмрээ оруулах соёлын бүтээлч үйлдвэрлэлийн экосистемийг дэмжих, уг салбарын дэлхийн чиг хандлагыг тодорхойлох, шинэ мэдээ мэдээлэл түгээх замаар ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцод 2007 онд нэгдэн орж соёрхон баталсан.


Соёлын яамнаас конвенцын Монгол Улс дахь хэрэгжилтийг иргэний нийгмийн оролцоонд тулгуурлан нэмэгдүүлэх, дижитал орчинд конвенцын хэрэгжилтийг сайжруулах, соёл урлагийн мэргэжилтнүүдийн уран бүтээлээ чөлөөтэй бүтээн туурвих, оюуны өмчийн эрхийг хангах хүрээнд тус конвенцын дэргэдэх “Соёлын олон төрлийг дэмжих олон улсын сан (IFCD)”-ийн талаар мэдлэг ойлголт олгох, төслийн хүсэлтийн маягтыг боловсруулах чадавх бэхжүүлэх сургалтыг ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисстой хамтран зохион байгууллаа.

“Соёлын олон төрлийг дэмжих олон улсын сан” нь конвенцод оролцогч улсуудын төрийн болон төрийн бус байгууллагын соёлын бүтээгдэхүүнийг бүтээх, үйлдвэрлэх, түгээх, хүртээмжийг дээшлүүлэх шинэ бүтээлч санал санаачилга, төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг бөгөөд өдгөө 69 орны 140 төсөлд 10 сая гаруй ам.долларын санхүүжилтийг олгосон байна.

ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын 2005 оны конвенцын шинжээч Хироко Цубой-Фридман, Юн Хуенг Жон, Дуон Бич Ханх нар удирдан явуулсан тус сургалтад Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 30 гаруй иргэний нийгмийн байгууллагын 78 төлөөлөгч оролцож “Соёлын олон төрлийг дэмжих олон улсын сан (IFCD)”-ийн талаар иж бүрэн ойлголттой болж, төсөл хэрхэн бичих, амжилттай боловсруулах стратеги, зөвлөмжүүдтэй танилцлаа.

 

Бусадтай хуваалцах