| | | |
Мэдээ

“Монголын сайхан орон” үзэсгэлэнгийн шилдгээр Б.Номингийн “Нөгөө тал” бүтээл шалгарлаа

2022-07-08 790

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан “Монгол хүн”, “Монгол ирээдүй”, “Монгол бахархал” уриан дор өнөөдөр “Монголын сайхан орон” үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ.

Энэ удаагийн үзэсгэлэнг Соёлын яамны дэмжлэгээр Монголын урчуудын эвлэл зохион байгуулж, Монгол орны түүх соёл, аж байдал, зан заншил, үзэсгэлэнт байгаль түүний дахин давтагдашгүй дүр төрхийг өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дор уран бүтээлчийн сэтгэл оюун, өнгө дүрслэлээр урлагийн гайхамшигт бүтээл болгон хувиргасан уран бүтээлүүдийг олон нийт, наадамчин олон, гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд дэлгэн үзүүллээ.

Тус үзэсгэлэнд, 150 гаруй уран бүтээлчийн 200 гаруй бүтээл ирснээс баримал 15, зураасан зураг 10, монгол зураг 13, чимэглэх урлагийн 8, уран зургийн 49, нийт 95 бүтээл тавигдсан юм.

Үзэсгэлэнг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин нээж үг хэлсэн бөгөөд хэлсэн үгэндээ:

“Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголчууд бид Үндэсний их баяр наадмаа ёсчлон өнгөрөөсөн бол энэ жил Монгол Улсынхаа хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэж, Монгол үндэстний бахархлыг төрүүлэх, соёлын өвөө дэлхий нийтэд таниулан сурталчлах, өвлөн уламжлуулах сайхан наадам зохион байгуулахын төлөө ажиллаж байна.

Энэ жилийн баяр наадмын нэг онцлог гэвэл Соёлын асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллага Соёлын яам маань Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажилд зөвхөн урлаг уран сайхнаар үйлчлэх бус бодлогын хэмжээнд оролцож, баяр наадмын утга агуулгад соёлын салбарын гүйцэтгэх үүргийг илүү өргөн хүрээнд оруулсан.

Ингэснээр Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамаарах, тэр дундаа тэргүүлэх чиглэлд нь багтах дүрслэх урлаг, хувцас загвар, гэрэл зураг зэрэг салбарын уран бүтээлчдийг, уран бүтээлийг Үндэсний их баяр наадмын албан ёсны хөтөлбөрт багтааж, түүгээрээ дамжуулан өөрсдийн соёлын өвөө сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна” гэлээ.

Энэ жилийн үзэсгэлэнгийн Гранпри шагналыг уран бүтээлч Б.Номин “Нөгөө тал” бүтээлээр хүртлээ.

Шагналт байранд:

  • Уран зургийн төрөлд Т.Одон “Чин Ван Ханддорж” бүтээлээр,

  • Уран баримлын төрөлд Л.Гантөмөр “Алтайн эгшиг” бүтээлээр,

  • Монгол зургийн төрөлд Т.Нурмаажав “Өнөтэй өвөл” бүтээлээр,

  • Зураасан зургийн төрөлд З.Уянга “Тэнгэрийн хөвгүүд” бүтээлээр,

  • Чимэгдэх урлагийн төрөлд А.Баасансүрэн “Амарбаясгалант” бүтээлээр тус тус хүртэв.

Бусадтай хуваалцах