| | | |
Мэдээ

ЭМГЭНЭЛ

2024-03-26 187

ДАВААЖАВЫН БААДАЙЖАВ (1945-2024)

Монгол Улсын Ардын жүжигчин, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гавьяат жүжигчин Даваажавын Баадайжав нь 1945 онд Улаанбаатар хотод төрж, 1963 онд Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг төгсөж, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын удирдлага дор Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын найрал дуучнаар уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. 1964-1968 онуудад Улсын багшийн дээд сургуулийн дуулаачийн анги түүнчлэн Бүгд Найрамдах Болгар Улсын Софи хотын хөгжмийн дээд сургуулийн мэргэжил дээшлүүлэх дээд курсийг тус тус төгссөн.

Д.Баадайжав нь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт 1969-1994 онуудад дуурийн гоцлоочоор ажиллах хугацаандаа Л.Мөрдорж “Хөхөө Намжил” дуурийн Алтайн дагина, А.Даргомыжский “Лусын дагина” дуурийн Вангийн хатан, Б.Дамдинсүрэн “Тэмцэл” дуурийн Пагма, Д.Лувсаншарав “Хан бүргэд” дуурийн Нямдулам, Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурийн Сузуки, Ш.Гуно “Фауст” дуурийн Зибель, А.Бородин “Игорь Ван” дуурийн Кончаковна, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн бүүвэйч, Л.Мөрдорж “Жаргал” дуурийн Пэл, Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурийн эх, П.И.Чайковский “Иоланта” дуурийн Марта, П.Чайковский “Евгений Онегин” дуурийн Ольга, Б.Ямпилов “Шидэт ваар” дуурийн I эхнэр, Г.Дарамзагд “Нүүдлийн замд” дуурийн Гармаа, Ж.Бизе “Кармен” дуурийн Кармен, Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн Цурхай, Ж.Верди “Отелло” дуурийн Эмилия зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог 30 гаруй дуурийн гол ба туслах дүрүүдийг мэргэжлийн түвшинд туурвиж, үзэгч олноос өндөр үнэлгээ авч байсан XX зууны дуурийн урлагийн шилдэг төлөөллийн нэг байсан билээ.

Д.Баадайжав нь 1966 онд Оросын Холбооны Улсын Сочи хотноо зохион байгуулагдсан Олон Улсын дуурийн дуулаачдын наадмаас “Шилдэг дуулаач” шагнал, БНАСАУ-ын “Хаврын баяр” Олон Улсын урлагийн наадмын солонгос дуу дуулаачдын тэмцээнд “Тэргүүн байр”, 1970 онд П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд II шатанд шалгарч байсан нь түүний дуурийн дуулаачийн ур чадварыг илэрхийлж байсан юм.  

Тэрээр 1994-1996 онуудад Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын найруулагч, даргаар томилогдон ажиллаж байгаад улмаар 1997 оноос “Мюзик холл” дээд сургуульд дуулах ур зүйн багшаар ажиллаж байсан. Д.Баадайжав нь авьяаслаг дуурийн дуучин төдийгүй чадварлаг удирдагч, нэрт сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч байсан юм.

Түүний нийтэч, тууштай шударга зан, аливаад бүтээлчээр ханддаг өвөрмөц сэтгэлгээ, ур чадвар, авьяас билэг нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

СОЁЛЫН ЯАМ

 

Бусадтай хуваалцах