| | | |
Мэдээ

“Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлнэ

2024-10-09 189

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 4 дүгээр хуралдаан боллоо. Энэ үеэр 2024 оны 1-3 дугаар улиралд хэрэгжүүлсэн ажлуудын тайлан, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хамтарсан хэлэлцүүлэг өрнөв.

Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Т.Доржханд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин болон аялал жуулчлалын салбарын төлөөллүүд оролцов.

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, “Go Mongolia” үндэсний брэндингийн дор Монгол Улсыг олон улсад сурталчилсан. Үүний үр дүнд 2023 онд 651 мянган жуулчин хүлээн авсан бол 2024 оны 9-р сарын байдлаар 667,463 жуулчин хүлээн авч, нийт 1.2 тэрбум ам.долларын орлого оллоо. Үүний 846 сая ам.доллар нь экспортын орлого бөгөөд энэ нь сүүлийн 70 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Монгол орныг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх хүрээнд аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг бууруулах, салбарын төлөөлөлтэй хамтран Засгийн газрын бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр өнөөдрийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.

Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гарсан. Үүний зэрэгцээ, “Go Mongolia” брэндийг хувийн хэвшлийн байгууллагууд дотоод, гадаадын бүхий л үйл ажиллагаандаа ашиглаж, улс орноо олон улсад нэг брэндийн дор сурталчлахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриалав.

“Go Mongolia” брэндингийн материалыг дараах холбоосоор татан авч, өөрсдийн үйл ажиллагаандаа уялдуулан ашиглах боломжтой. Холбоосоос Soyombo Sans үсгийн фонт болон брэндийн үндсэн элементүүдийг татаж аваарай.

Бусадтай хуваалцах