| | | |
Мэдээ

Монгол болон Энэтхэгийн түүх, соёлын хосгүй үнэт өв, Бурхан багшийн шүтээнүүдийг дэлгэн үзүүлж байна

2022-06-15 2.0М

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15, Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ сарын 14-ний өдөр тохиолоо. 

“Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тохиолдуулан Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд Монгол Улсад суугаа БНЭУ-ын ЭСЯ-тай хамтран тус улсын Дэли хотын Үндэсний музейд хадгалагдаж байдаг Бурхан багшийн ариун шүтээн /төвөдөөр “ринсрэл”/-ийг Монгол Улсад залж байна. 

Бурханы шүтээнийг БНЭУ-аас тус улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Шир Кирен Рижижу тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-ны өдөр авчирч, тэднийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц нар угтсан юм. 

Бурханы шүтээнүүд нь Монгол болоод БНЭУ-д ижил хэмжээнд хадгалагдан, хамгаалагддаг түүх, соёлын хосгүй үнэт өвүүд тул Соёлын яам Богд хааны ордон музейд хадгалагдаж байдаг Бурханы ариун шүтээнийг гаргаж, Энэтхэг улсаас ирсэн Бурханы ариун шүтээнтэй хамтатган, Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд өчигдөр залж, түүх соёлын хосгүй үнэт өвөө дэлгэн үзүүлж байна. 

Бурхан багшийн Их дүйчин өдөр, Бурхан багшийн ариун шүтээнийг залах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц, БНЭУ-ын Хууль зүйн сайд Шир Кирен Рижижу, тус улсаас Монгол Улсад суух Элчин сайд М.П.Сингх, Монгол Улсад суугаа Элчин сайд, олон улсын төлөөлөгчид оролцов. 

Бурханы ариун шүтээнүүд нь 1898 онд Энэтхэг, Балбын хилийн ойролцоох Пипрахва орчмоос олдож, Монгол Улсад нэг шүтээн нь ирсэн байдаг. 

Эрдэмтэд Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа бурхан багшийн шүтээн шүд /Монголчууд “цахиур эрдэнэ” гэдэг/-ийг 16 дугаар зууны үед Абтай сайн хан Төвөдөөс Монголд авчран, Эрдэнэ зуу хийдэд залсан гэж үздэг. 

Бурхан багшийн шүтээнийг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 58 дугаар тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулж, Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалж байдаг юм.


Бурхан багшийн ариун шүтээний тухай:

Буддын шашны уламжлалд бурхан багшийн ариун шүтээн тэргүүтнийг:

  • Бие лагшны ариун шүтээн /чандар, шүд г.м/,

  • Хүрэлцэж болох нандин шүтээн /бадар аяга, орхимж, бодь мод г.м/,

  • Номын нандин шүтээн /сургаал номлол, судар ном г.м/ гэж ангилан үздэг байна.

 1898 онд Энэтхэг, Балбын хилийн ойролцоох Пипрахва орчимд орших бурхны шашны эртний нэгэн суваргыг малтах үед алт эрдэнэсийн хамт ясны хэлтэрхий агуулсан таван ширхэг бумба олдсон. 

Мөн 1971 онд  Энэтхэгийн Археологийн судалгааны төв тус газарт байсан суваргыг малтан судалж, Бурхан багшийн бие лагшны ясны хэсэг агуулсан 22 бумбыг илрүүлэн олсон. 

Дээрх ариун шүтээнүүд нь Энэтхэг, Хятад, Сингапур, Япон, Шри Ланка зэрэг буддын шашинтай улсуудад залагдсан байдаг. 

Эрдэмтэд Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа бурхан багшийн шүдийг 16 дугаар зууны үед Абтай сайн хан Төвөдөөс Монголд авчран, Эрдэнэ зуу хийдэд залсан гэж үздэг. 

Шүдийг 17 дугаар зууны үеийн Халх-Ойрадын дайн дажны үеэр лам нар далдлан хадгалж, Эрдэнэ хамбын хийд, Цахиуртын хуралд залж, нууц хэлбэрээр шүтэж байжээ. 

Халх-Ойрадын дайн дажин зогссоны дараа шүдийг буцаан Эрдэнэ зууд залж, зөвхөн алтан ургийн лам, ноёдод үзүүлдэг болсон байна. Энэ шүдийг Ерөнхий сайд П.Гэндэн чандлан хадгалахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Өлзий-Очирт үүрэг болгосныг тэрээр тухайн үеийн Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Дэндэвт нэр заан бичиг үйлдэн хүргүүлж байжээ. Шинжлэх ухааны хүрээлэнгээс дээрх үүрэг даалгаврын дагуу шүдийг Богд хааны ордон музейд шилжүүлэн хадгалуулсан байна. 

Бурхан багшийн шүдийг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 58 дугаар тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулсан. Шүд нь 3 см урт, 2.1 см зузаан, 2.2. см өргөн, 15 гр жинтэй.

Бусадтай хуваалцах