| | | |
Мэдээ

Ч.Номин: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж байна

2022-11-22 940

Монгол Улсын Соёлын яамнаас зохион байгуулж буй Соёлын бүтээлч сарын хүрээнд өнөөдөр “Чингис хаан” хаад язгууртны музейд “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум-2022” боллоо. 

Форумд соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах 12 салбар, 90 гаруй чиглэлийн 400 гаруй төлөөлөл оролцов. 

Форумыг Соёлын сайд Ч.Номин нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр Монгол Улсын Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг дэмжин хөгжүүлэх бодлогоо танилцуулж, Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх нь салбар хэлэлцүүлэгт оролцсон юм.

Хэлэлцүүлгийг үзэх бол энд дарна уу.

Өнөөдрийн байдлаар Соёлын яам нь Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд энэ удаагийн форум, салбар хуралдаан тус бүрээс оролцогчдын санал, зөвлөмжийг бодлого, хэрэгжилтийн түвшинд тус бүрээр нэгтгэн гаргаж, хуулийн төсөлд тусгах юм байна. Энэ талаар Соёлын сайд Ч.Номин:

“Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын баримт бичигт Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, Бүх нийтэд соёлын боловсрол олгох, Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгох зорилтууд тусгагдсан байдаг. 

Дээрх бодлогын зорилтууд, хуулийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Соёлын яамнаас өнгөрсөн жил анх удаагаа “Соёлын бүтээлч сар” аяныг зохион байгуулсан нь цар тахлын дараах соёл урлагийн салбарт сэргэлт болсон төдийгүй, нийгмийн амьдрал болоод эдийн засагт соёлын салбарын үүрэг оролцоо ямар чухал гэдгийг батлан харуулж чадсан томоохон аян болж өнгөрсөн билээ. 

Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах үеийг даван гарах, эдийн засгийг солонгоруулах Шинэ сэргэлтийн бодлогоо цаг үетэйгээ нийцүүлэн тодорхойлж, хэрэгжүүлж байна. 

Энэ үед Монгол Улсын Соёлын яам мөн соёлын салбараа сэргээх, бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх, өөрийн орны ялгамж чанар, өв уламжлал шингэсэн соёл, урлагийн бүтээлүүдээрээ дамжуулан баялаг бүтээх, эдийн засгийн тэргүүлэх салбар болгох, дэлхийд өрсөлдөх чадварыг дэмжих зорилгоор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогоо Та бүхний оролцоотой хэрэгжүүлж, энэ хүрээнд Соёлын бүтээлч сарын аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. 

Энэ жилийн “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд төр, хувийн хэвшил, хамтын удирдлагын соёлын байгууллага, уран бүтээлчид хамтран 700 гаруй арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, цар хүрээ нь өргөжин тэлсэн төдийгүй нийгмийн соёлын эрэлт хэрэгцээнд нийцсэн, нөгөө талдаа эдийн засгийн боломж, бололцоог нэмэгдүүлдэг, оролцооны бүх хэлбэрийг хангасан соёлын салбарын хамгийн том, цогц арга хэмжээ болон тогтмолжиж байгааг хэлэхэд таатай байна. 

Түүнчлэн өнгөрсөн жилийн Соёлын бүтээлч сарын чуулганаар бид салбарын суурь судалгааг танилцуулан бодлогоо тодорхойлж, хэлэлцүүлж байсан бол чуулганаас гарсан үр дүн, Та бүхний үнэтэй санал зөвлөмжийг тусган судалж, 2032 он хүртэлх Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээний төлөвлөгөө, 2027 он хүртэлх Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулж Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний зорилтоо бүрэн тодорхойлсон. 

Ингэснээр урлахуйн үйлдвэрлэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг Засгийн газар бүрэн хэмжээнд дэмжиж, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хамгаалан хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын олон төрлөө өвлүүлэн уламжлуулах бодлогыг хэрэгжүүлж байна. 

Улмаар Соёлын яам Засгийн газрын бодлого шийдвэртэй уялдуулан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөж байгаа бөгөөд энэ удаагийн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хэлэлцүүлгээс гарсан Та бүхнийг үнэтэй санал зөвлөмжийг хуулийн төсөлд тусган ажиллана” гэлээ.

Соёлын сайд Ч.Номингийн илтгэлийг энд дарж үзнэ үү.

Бусадтай хуваалцах