| | | |
Мэдээ

Венец хотын Ка Фоскари их сургуультай Монгол судлалын чиглэлээр хамтран ажиллана

2022-04-22 591

Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж буй Соёлын сайд Ч.Номин энэ сарын 21-ний өдөр Венец хотын Ка Фоскари их сургуульд зочилж, Дэдректор Фабрицио Маррелла тэргүүтэй эрдэмтэн, судлаачидтай уулзлаа.

Дэд ректор Фабрицио Марреллагийн танилцуулснаар Ка Фоскари их сургууль нь Венето мужийн томоохон сургуулиудын нэг бөгөөд Европын Холбооны “Эрасмус” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Их сургууль, Соёл урлагийн их сургуультай оюутан солилцоо болон бусад чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм байна. Тус сургуульд Монгол Улсаас 14 оюутан суралцдаг байна.

Мөн тус сургуулийн профессор Элизабетта Раганины удирдлага дор Итали болон гадаад улсын оюутнууд монголын түүх, хэл шинжлэлийн хөтөлбөрт хамрагддаг бөгөөд уулзалтаар хөтөлбөрийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар ярилцсан юм.

Тухайлбал, хоёр орны түүх соёл, уран зохиолын сонгодог бүтээлүүдийг харилцан орчуулан дэлгэрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, монгол судлал, судлаачдыг бэлтгэх талаар санал солилцов.

Энэ нь Соёлын сайдын ажлын айлчлалын үеэр байгуулсан “Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онуудад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих боломжтой болсон юм. Иймд, Засгийн газар хоорондын хөтөлбөрт туссан чиглэл, арга хэмжээг бодит ажил хэрэг болгох хүрээнд Ка Фоскари их сургууль дахь Монгол судлалын үйл ажиллагааг өргөжүүлж цаашид Монгол судлал, соёлын төв болгох чиглэлээр хамтран ажиллаж, сургалтын материал, эрдэмтэн судлаачдын солилцоог ханган ажиллахаар тохиролцлоо.

Бусадтай хуваалцах